“Хил Хязгааргүй Хуульчид” ТББ-ынхан мод тарив.

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг монголчуудын уламжлалт соёл, зан заншлаа дээдэлж, хүн бүр байгаль орчноо хайрлах, нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээрээ мод тарих өдөр болгон зарласан.

Энэ жилийн бүх нийтээрээ мод тарих өдөр 2011 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Бямба гарагт тохиож, манай төрийн бус байгууллагын Удирдах Зөвлөлийн гишүүд, дэмжигчид нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мөрөөдлийн Цэцэрлэгт Хүрээлэн”-д 30 ширхэг хайлаасны суулгац суулгалаа.

 Усыг гамгүй хэрэглэх, модыг их хэмжээгээр тайрах, хүрээлэн буй орчин, хөрс, агаарыг бохирдуулах зэргээр хүмүүн бид Дэлхий ээжийгээ гомдоож байгаад анхаарлаа хандуулж, байгаль экологидоо хандах эерэг өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлж, цаашид тарьсан модоо арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлж буйгаа та бүхэндээ дуулгахад таатай байна.

НОГООН АМЬДРАЛЫГ ХАМТДАА ЦОГЦЛООЖ,

ЭРҮҮЛ ЦЭВЭР ОРЧНОО БҮРДҮҮЛЦГЭЭЕ!!!