ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД ЮУ АНХААРАХ ВЭ?

Нийгэмд түгээмэл байгуулагддаг гэрээний нэг нь зээлийн гэрээ юм. Иймээс энэ удаа шүүхийн практикт  зээлийн гэрээнээс үүсч буй хэргүүдээс дүгнэлт хийж, зээлийн гэрээ байгуулахад анхаарвал зохих зөвлөмжийг та бүхэд хүргэж байна.

Зээлийн  гэрээг зөвхөн  бичгээр байгуулснаар гэрээ байгуулсанд тооцогддоггүй. Харин зээлэх зүйлээ хүлээлгэн өгөх буюу шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдлаа гэж үздэг.

Жишээ нь: мөнгө зээлэх гэж байгаа бол мөнгийг хүлээлгэн өгсөнөөр, эд хөрөнгө зээлэх гэж байгаа бол эд хөрөнгийг шилжүүлснээр байгуулагдсанд тооцно.

Тэгвэл зээлийн гэрээгээр мөнгө зээлж байгаа тохиолдолд зээлдүүлж буй мөнгийг хэрхэн шилжүүлэх ёстой вэ?

Зээлийн гэрээ байгуулахад хүмүүсийн хамгийн их алддаг зүйл нь мөнгө хүлээлцсэн баримт байдаггүй. Зөвхөн зээлийн гэрээг нотариатаар батлуулаад л тухайн гэрээгээр өгсөн мөнгөө буцааж шаардах эрхтэй  боллоо гэж  ойлгодог.

Ихэнхи зээлийн гэрээний загвар нь зээлдүүлэгч...............хугацаанд ..............төгрөг зээлдүүлнэ,........зээлдэгч ..............төгрөгийг ...хугацаанд төлнө.”-гэсэн утгатай заалт байдаг.

Өөрөөр хэлбэл нотариатын санал болгосон гэрээний бэлэн загварт мөнгө зээлдүүлсэн гэж заадаггүй. Тиймээс мөнгө улаан, нүд цагаан болсон цагт мөнгө зээлдүүлсэн талын хүн  “би энэ хүнээс мөнгө зээлээгүй, харин мөнгө зээлэх гэж зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан боловч өнөөг хүртэл зээлээгүй байгаа”- гэсэн тохиолдолд та уг хүнд мөнгө зээлдүүлээгүй болж л хувирна.

Магадгүй та мөнгө хүлээлцсэн баримт байхгүй ч, тухайн зээлж буй  мөнгөө шилжүүлэхдээ өөр бусад этгээдийн дэргэд өөрөөр хэлбэл гэрч болохуйц хүмүүсийн дэргэд шилжүүлсэн байж болно. Энэ үед та өөртөө итгэлтэй өөр бусад гэрчүүд байгаа юм чинь мөнгө хүлээлцсэн баримтаар ч яахав гэж бодох байх. Гэтэл  мөнгө зээлсэн эсэхийг  гэрчээр нотлохыг хуулиар  хориглосон байдаг.   Өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлгээр  мөнгө зээлсэн эсэхийг тогтоодоггүй.

Иймд та мөнгө зээлдүүлж байгаа тохиолдолд заавал мөнгө хүлээлцсэн баримт үйлдэх , эсхүл дансаар шилжүүлж  байх хэрэгтэй.

Мөнгө зээлэх гэрээг бичгээр байгуулаагүй бол юу болж төгсөх бол..,

Иргэд өөр хоорондоо зээлийн гэрээ байгуулахдаа бичгээр байгуулахыг эрхэмлэхгүй. Шууд л за тэдэн хувийн хүүтэй шүү, төдийд өгөөрэй гээд л амаар тохирдог. Энэ нь таныг дараах эрсдэлд хүргэж болно.

- Тухайн хүн таниас мөнгө зээлээгүй гэж  маргаж таныг  сандаргана. Энэ тохиолдолд та л ялагдаж хүнд зүгээр л мөнгөө өгөөд үлдэнэ. Учир нь танд зээлдүүлсэн гэсэн нотлох баримт гэх зүйл байхгүй.

- Зээлийн гэрээ нь хүү тогтоосон бол заавал бичгээр хийх шаардлагтай. Мөнгө зээлсэн хүн чинь мөнгө зээлсэн нь үнэн. Хүү тохирсон нь ч үнэн. Харин хүү тохирсон зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага тавьдаг учраас хүү төлөхгүй гээд хүү төлөхгүй байх боломжтой.

- За алданги, торгууль бусад зүйлийг тохирсон бол мөн л бичгээр байгуулах хуулийн шаардлага   хангаагүй гээд л алданги, торгууль танд төлөхгүй байх боломжтой.

Иймд зээлийн гэрээ байгуулж байгаа  тохиолдолд гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлж байгаа мөнгө болон бусад зүйлийг шилжүүлсэн баримт үйлдэж байх хэрэгтэй.

 

"Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ийн

УЗ-ийн гишүүн, Хуульч Л.БАНЗРАГЧ